Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ

LiMNux-с

(SmartQuestions-с шууд холбогдсон)

Эх хувилбар: How To Ask Questions The Smart Way

Зохиогчид: Эрик Стивен Рэймонд (Eric Steven Raymond) болон Рик Моэн (Rick Moen)

Орчуулсан: Б.Урангуа

Агуулга

Орчуулга

Орчуулах хэл: Бразилийн Португаль, Герман, Голланд, Грек, Дани, [Еврей, Индонезийн Бахас, Испани, Итали, Орос, Польш, Португаль, Румын, Серби, Тай, Турк, Унгар, Финлянд, Хятад, Чех, Швед,Эстони, Япон. Хэрэв та уг баримтыг хуулах, орчуулах, хэсэгчилж авахыг хүсвэл хуулбарлах заавар гэсэн хэсэгтэй танилцаа.

Татгалзал

Олон төслийн вэбсайт тусламж хэрхэн авах вэ гэсэн хэсэгтээ уг баримтыг холбодог. Хэдийгээр энэ нь бидний зорьж байсан зүйл мөн ч гэлээ хэрвээ та өөрийнхөө төслийн хуудсанд иймэрхүү холбоос үүсгэж буй вэбмастер бол биднийг танай төслийн тусламжийн самбар биш гэдгийг холбоосныхоо ойролцоо харагдахуйцаар байрлуулж өгнө үү.

Ийм төрлийн анхааруулгагүйгээр уг баримтыг нийтэлснээр зарим хүмүүс хорвоогийн техникийн бүх асуудлыг шийдвэрлэх бидний ажил гэж ойлгодог тул бидэнд ахин дахин садаа болдог юм.

Хэрвээ танд тусламж хэрэгтэй болоод уг баримтыг уншиж байгаа бол, мөн зохиогчдоос шууд тусламж авч чадна гэж бодож байгаа бол дээр дурдсан садаа бологчдын нэг та өөрөө байна. Биднээс асуулт асуух хэрэггүй. Бид таныг анхаарч үзэхгүй. Бид программ болон техник хангамжийн талаар мэдлэгтэй хүмүүсээс хэрхэн тусламж авч болохыг танилцуулахаар үүнийг бичсэн боловч 99,9%д нь бид тантай хамт байхгүй. Мөн зохиогчдын хэн нэг нь таны мэдэхийг хүссэн зүйлд мэргэшсэн гэдгийг яг таг мэдэхээс нааш бидэнтэй холбогдохгүй байхыг хүсье. Ингэснээрээ та бидний аль аль нь сэтгэл хангалуун байх болно.

Танилцуулга

Хакеруудын ертөнцөд таны техникийн холбогдолтой асуултдаа авах хариулт тань асуултаа хэрхэн тавьж байгаагаас гадна хариултыг хөгжүүлэхэд хэр бэрх байгаагаас ихээхэн шалтгаалах болно. Та энэхүү зааварчилгын тусламжтайгаар хүссэн хариултаа авахын тулд асуултаа хэрхэн тавих талаар мэдэж авна.

Нээлттэй эхийн програм хангамж өргөн тархсан өнөө цагт хакеруудаас авах хариулттай ижил сайн хариултыг бусдаас буюу илүү туршлагатай хэрэглэгчдээс авах боломжтой. Энэ нь сайн хэрэг. Хэрэглэгчид техникийн мэдлэг маруухан хүмүүсийн гаргадаг алдаанд илүү тэвчээртэй ханддаг. Тиймээс, энд бидний зөвлөж байгаачлан туршлагатай хэрэглэгчдийг хакер мэт авч үзэх нь тэднээс хэрэгцээтэй хариулт олж авах хамгийн үр дүнтэй арга болдог.

Анхаарч үзэх хэрэгтэй эхний зүйл бол хакерууд үнэндээ ярвигтай бөгөөд нэлээд ухаан шаардсан асуудлуудад дуртай байдаг. Тиймгүй байсан бол бид энд байхгүй байх байсан. Хэрвээ та бидэнд шийдвэрлэх шаардлагатай, сонирхолтой асуулт тавивал тэдгээр нь биднийг сэргээж урам өгдөг тул бид баяртай байх болно. Сайн асуултууд бидний мэдлэгийг тэлж, заримдаа анзаарч харахааргүй асуудлуудыг дэлгэн харуулдаг. Хакеруудын хувьд Сайн асуулт гэдэг маш их урам зориг өгдөг.

Хэдий тийм ч хакерууд энгийн асуултуудад тохуурахсан,үл хайхарсан мэтээр хандах нь бий. Энэ нь заримдаа хакеруудыг анхлан сурагчдад тун бүдүүлэг хандаж, тэднийг үл тоодог мэт харагдуулна. Гэхдээ үнэндээ тийм биш юм.

Бид үнэндээ асуулт тавихаасаа өмнө гэрийн даалгавраа хийх, түүний талаар бодох ч хүсэлгүй байгаа мэт санагдсан хүмүүст л таагүй ханддаг юм. Иймэрхүү хүмүүс цагийн гарз болдог ба өөр сонирхолтой асуултанд юмуу хариулт зайлшгүй шаардлагатай байгаа өөр хүнд зарцуулах цагийг дэмий үрдэг юм. Бид тэдгээр хүмүүсийг "азгүй амьтан" гэж нэрлэдэг.

Бидний бичсэн програм хангамжуудыг л зүгээр хэрэглэхийг хүсдэг бөгөөд техникийн илүү нарийвчилсан зүйлүүдийг судлах сонирхолгүй хүмүүс байдгийг бид мэднэ. Ихэнх хүмүүсийн хувьд компьютер бол зүгээр л нэг багаж хэрэгсэл төдийхөн ба тэдэнд хийх илүү чухал зүйлүүд байдаг. Биднийг гайхшруулдаг техникийн ололтууд хүн бүрийн сонирхолыг татах албагүйг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бидний хариулт технологид сонирхолтой, асуудал шийдвэрлэхэд идэвхитэй оролцох хүсэлтэй хүмүүст илүү тохирсон байдаг. Энэ байдал нь өөрчлөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөх ч ёсгүй. Өөрчлөгдөх л юм бол бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бүтээмж муутайхан хийх болно.

Бид сайн дурынхан. Бид асуултанд тань хариулахын тулд өөрсдийн цаг заваа зарцуулдаг ба бидэнд хариулах асуулт түм бумаараа байдаг. Тиймээс бид асуултыг хайр найргүй нарийн шүүдэг юм. Тухайлбал бид ялагчдад зарцуулах цагаа үр дүнтэй байлгахын тулд ялагдагч нарын илгээсэн асуултыг хайхралгүй орхидог.

Хэрвээ та уг хандлагыг байж боломгүй, биеэ тоосон, бусдыг үл хайхарсан хэмээн үзэж байгаа бол дахин нэг бодож үзнэ үү. Бид таниас их зүйл шаардахгүй, та зөвхөн өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргавал бидний хувьд танд бусадтай ижилхэн харьцаж, өөрсдийн соёл иргэншилдээ угтан авахаас таатай зүйл гэж үгүй. Өөртөө туслахыг хүсэхгүй байгаа хүнд туслах гэж оролдох нь бидний хувьд ямар ч үр дүнгүй зүйл юм. Тиймээс хайхрамжгүй хандаж болох ч, харин тэнэг царайлах нь байж болшгүй явдал юм.

Бидний анхаарлыг татахын тулд техникийн талын өндөр чадвартай байх шаардлагагүй ч гэлээ сэрэмжтэй, бодлоготой, ажигч, асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтрагч байхад бэлэн байх чадвартайгаа харуулах нь чухал юм. Хэрэв та иймэрхүү байдлаар ялгаварлан гадуурхахыг дэмжихгүй гэж үзвэл танд хакераас тусламж хүсэхийн оронд өөр хэн нэгэнд төлбөр төлөөд түүгээрээ үйлчлүүлэхийг санал болгож байна.

Хэрэв та биднээс тусламж хүсэхээр шийдсэн бол, та азгүй амьтан болох юмуу тэдний нэг шиг харагдахыг хүсэхгүй л байгаа боловуу. Аятайхан бөгөөд хурдан хариулт авах хамгийн шилдэг арга бол ухаалаг, өөртөө итгэлтэй, тухайн нэг асуудал дээр хариулт хэрэгтэй байгаа хүний байдлаар асуултаа асуух явдал юм.

(Уг зааварчилгааг сайжруулахыг хүсвэл нээлттэй бөгөөд та esr@thyrsus.com эсвэл respond-auto@linuxmafia.com хаягууд руу санал хүсэлтээ илгээх боломжтой. Уг баримт нь http://www.dtcc.edu/cs/rfc1855.html -н ерөнхий зааварчилгаанд зориулагдаагүй бөгөөд хэрэв таны санал хүсэлт техникийн форумд холбогдолгүй асуудал байвал санал хүсэлтийг тань бид ерөнхийдөө буцаадаг болохыг анхаарна уу. )

Асуухаасаа өмнө

Та э-шуудан, мэдээлэл солилцох бүлэг юмуу вебсайтийн чатаар дамжуулан техникийн асуулт асуухаасаа өмнө дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  1. Асуултаа илгээх гэж буй форумынхаа архиваас хайлт хийн хариултаа олохыг хичээ.
  2. Вебээс хайн хариултаа олохыг хичээ.
  3. Гарын авлагыг уншин хариултаа олохыг хичээ.
  4. Байнга тавигддаг асуултуудаас хариултаа олохыг хичээ
  5. Туршилт ажиглалт хийж хариултаа олохыг хичээ.
  6. Мэдлэгтэй найз нөхдөөсөө асууж хариултаа олохыг хичээ.
  7. Хэрэв та програмчин бол эх кодийг уншиж хариултаа олохыг хичээ.

Та асуултаа тавихдаа эхлээд эдгээрийг хийсэн гэдгээ нотлон үзүүл. Ингэснээрээ та өөрийгөө залхуу биш, хүмүүсийн цагийг дэмий гарздахгүй гэдгээ батлан харуулах болно. Мөн эдгээрийг хийснээр юу олж мэдснээ үзүүлэхэд ч илүүдэхгүй. Бид хариултаас юм суралцаж чадна гэдгээ харуулдаг хүмүүсийн асуултанд хариулахдаа дуртай байдаг юм.

Өөрт тулгарсан алдааны мэдээллээр Гүүгл хайлт хий (Гүүглийн бүлгээс болон веб хуудаснуудаас хай). Магад энэ нь таныг асуудлыг шийдвэрлэсэн бичиг баримт эсвэл таны асуултанд хариулсан шуудангийн жагсаалтад шуул хүргэж ч мэднэ. Тэгдэггүй юм гэхэд шуудан илгээх юмуу мэдээлэл байршуулах хүсэлтийн тусламжинд “Дараах байдлаар Гүүглдсэн боловч олигтой хариулт олсонгүй ” гэж бичих нь танд ашигтайгаар эргэнэ. Энэ нь хайлтыг түлхүүр үгсийг таны асуудал эсвэл магад шийдвэрлэсэн сэдэв рүү холбож, үүгээр тантай ижил бэрхшээлтэй хүмүүсийг таны сэдэв рүү хөтлөх болно.

Цаг зарцуул. Ээдрээтэй асуудлыг Гүүгл дээр хэдхэн секундын хайлт хийгээд л шийдвэрлэчих боломжтой гэж бүү найд. Мэргэжилтнүүдэд хандахаасаа өмнө тайван тухалж суугаад Байнга тавигддаг асуултуудыг уншиж ойлгон өөрөө асуудлаа шийдвэрлэх талаар бодоод үз. Тэд асуултнаас тань хэр их юм уншиж судалсныг хэлж чадах ба хэрэв та бэлтгэлтэй ирсэн бол танд туслахдаа их таатай байх болно. Таны эхний хайлт тань хариултгүй (эсвэл хэт олон) болж хамаг асуултаа нэг дор тавиад хэрэггүй.

Асуултаа бэлтгэ. Нарийн бод. Тэвдүү асуулт мөн адил яаруу хариулт авна, эсвэл огт хариу авахгүй. Та тусламж хүсэхээсээ өмнө асуудлаа шийдвэрлэх талаар хэр их хичээл зүтгэл гаргаснаа тэдэнд дэлгэн харуулах тусам тусламж авах боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

Буруу асуулт тавихаас болгоомжил. Та буруу ойлголтынхоо үндсэн дээр тулгуурлан асуултаа тавибал таньд хариулт өгөх хакер ямар тэнэг асуулт вэ гэж бодоод хайнга хариулт өгөх болно. Ингэхдээ өөрт хэрэгтэй зүйлээ бус өөрийн асуусан зүйлээ авсан нь сургамж болоосой гэж найдах болно.

Та өөрийгөө хариулт авах эрхтэй гэж бүү бод. Эцсийн эцэст та ямар ч хөлс төлөхгүй шүү дээ. Та бусдаас мэдлэг шаардаж буйгаар бус бидэнд туршлага болохуйц ул суурьтай, сонирхолтой, бодлоготой асуулт тавибал бид танд хариулт өгөх болно.

Нөгөө талаар та өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгаа гэдгээ батлан харуулах нь тун сайхан эхлэл болно. “Миний асуултанд яг тохирсон хариулт өгнө үү ” гэхээс илүү “Хэн нэг нь надад чиглэл өгөөч?”, “Би юун дээр алдав?”, “Би аль хэсгийг нь шалгах ёстой вэ?” гэсэн асуултууд нь хариулт авах илүү боломжтой байдаг. Учир нь эдгээр асуултуудаараа та хэн нэг нь таныг зөв зүг рүү чиглүүлж өгвөл өөрөө хариултаа олоход бэлэн гэдгээ харуулж байгаа юм.

Асуух үедээ

Форумаа зөв сонго

Асуулт асуух газраа зөв сонгох хэрэгтэй. Хэрэв та дараах үйлдлүүдийг хийвэл таныг үл хайхарч, ялагдагч гэж үзэх магадлалтай юм. Үүнд:

  • аль хэдийнэ хуучирсан сэдвийн талаар форумд асуулт тавих
  • техникийн холбогдолтой нэлээд гүнзгийрүүлсэн асуулт тавина гэж найдаж байхад эсрэгээрээ хэт энгийн асуулт тавих
  • олон тооны мэдээ солилцох бүлэгт байршуулах
  • асуудлыг тань шийдвэрлэхэд хариуцлага хүлээх ёстой хүнд эсвэл танилдаа л биш бол хувийн э-шуудан бичиж үлдээх

Хакерууд холбоо хамааралгүй зүйлээс харилцах сувгуудаа хамгаалахын тулд зохимжгүй байдлаар тавигдсан асуултуудыг буцаадаг. Та үүнийг хүсэхгүй байгаа биз дээ.

Тиймээс таны эхний алхам бол зөв форумаа олох явдал юм. Ахин хэлэхэд Гүүгл болон бусад вебийн хайлтууд нь таны анд тань байх болно. Танд хүндрэл учруулж байгаа техник болон программ хангамжтай хамгийн ойр холбоотой төслийн веб хуудсуудыг олоход тэдгээрийг ашигла. Эдгээр нь ихэвчлэн Байнга тавигддаг асуултууд, төслийн шуудангийн жагсаалт болон тэдгээрийн архивтай холбогдох холболттой байдаг. Та эдгээр Байнга тавигддаг асуултан дундаас, эсвэл өөрийн хичээл зүтгэлээр хариултаа олоогүй бол эдгээр шуудангийн жагсаалтуудаас өөр тусламж хүсэх газар үлдэхгүй. Магадгүй төслийн хуудас дээр программын цоорхойг хэрхэн мэдээллэхийг тайлбарласан хэсэг болон түүн рүү орох холбоос байвал дотогшоо ороод үзээрэй.

Та огт танихгүй хүн юмуу форумдаа э-шуудан явуулах нь тун эрсдэлтэй алхам юм. Тухайлбал мэдээллийн веб хуудасны зохиогчийг үнэгүй зөвлөх чинь байна гэж бодоод хэрэггүй. Таны асуултыг уриалгахан хүлээн авсан ч гэсэн танд хариулт өгнө гэж найдлага тавих хэрэггүй. Хэрэв та бүрэн итгэлтэй бус байгаа бол өөр газар луу асуултаа илгээх, эсвэл бүр илгээхгүй байсан нь дээр.

Веб форум, мэдээлэл солилцох бүлэг, шуудан илгээх жагсаалтаа сонгохдоо нэрэнд нь итгэх хэрэггүй, асуулт тань сэдвийн хүрээнд хамрагдаж буй эсэхийг нягтлахын тулд Байнга тавигддаг асуултууд болон жагсаалтуудыг хар. Асуудлаа тавихаас өмнө асуултуудын туулж очдог замыг(traffic) уншсанаар асуудлууд хэрхэн шийдэгддэг талаар мэдэх боломжтой. Үнэндээ асуудлаа тавихаас өмнө мэдээ солилцох бүлэг болон шуудан илгээх жагсаалтны архивд өөрийн асуудалтай холбоотой үгүүдээр түлхүүр үгийн хайлт хийх нь тун дажгүй арга юм. Ингэснээрээ магадгүй та хэрэгтэй хариултаа олох буюу олдгүй юм гэхэд асуултаа сайжруулж авах болно.

Тусламж үзүүлэх боломжтой бүх сувгууд руу нэгэн зэрэг хүсэлт явуулах нь хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг. Аажим аажмаар тэдэнд ханд.

Таны сэдэв юу болохыг мэдэж байх хэрэгтэй. Нийтлэг тохиолддог алдаануудын нэг бол хэл болон номын сан, зөөврийн багаж хэрэгслийн талаарх форумд Юникс юмуу Виндөүс программуудын холбох хэсгийн талаарх асуулт асуух явдал юм. Энэ нь яагаад тэнэг асуулт вэ гэдгийг та ойлгохгүй байгаа бол ойлготлоо ямар ч асуулт асуухгүй байсан нь дээр. Ерөнхийдөө хүмүүсийн их хэрэглэдэг нийтийн форумын асуултууд нь хувийн форумуудынхыг бодвол илүү сайн хариулт авах хандлагатай байдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт зүгээр л хариулт өгөх боломжтой хүмүүсийн тооноос шалтгаална. Мөн хакерууд хэдхэн хүнд үйлчлэхээсээ илүүтэйгээр олон хүнд тус хүргэхийг хүсдэг болохоор уншигчдын хэмжээнээс шалтгаална.

Мэдээжээр чадварлаг хакерууд болон алдартай программуудын зохиогч нарт хэрэггүй захианууд олноороо ирдэг. Нэмж хэлэхэд алдартай төслийн зохиогчдын хувийн бүртгэлд хэрэгцээгүй э-шуудангууд саад учруулдаг тул тэд тэр бүрт хариулт өгдөггүйн улмаас та нэлээд хэдэн удаа хүнд байдалд орж болзошгүй.

Веб болон IRC форумууд шинэ хэрэглэгчдэд хандан аль болох хурдан хариу өгдөг.

Таны суурин хэрэглэгчийн бүлэг эсвэл Линюкс түгээгч тань техникийн мэдлэг дулимагхан хүмүүст тусламж хүргэх боломжтой веб форум болон IRC сувгуудыг түгээж болох юм. (Англиар ярьдаггүй орнуудад техникийн мэдлэг тааруухан хүмүүсийн форум нь шуудангийн жагсаалт маягтай хэвээрээ л байгаа )Ялангуяа та харьцангуй энгийн нийтлэг асуудалд бүдэрсэн гэж бодож байгаа бол эдгээрт анхлан хандаж тусламж хүсэх хэрэгтэй. Түгээгдсэн IRC суваг нь асуулт асууж хугацаандаа багтан хариултаа авахад нээлттэй байдаг.

Өнөө үед нийтлэг байгаагаар Линюксийн түгээлтийн явцад орж ирсэн программ тань таньд асуудал учруулж байгаа бол дистро форум(программын төслийн форумыг судлахаас өмнө харах ёстой жагсаалт)-д асуултаа тавьсан нь дээр.

Төслийн хакерууд зүгээр л “биднээр үйлчлүүл” гэж хэлэх байх. Ямар нэг веб форумд хандахаас өмнө түүнд хайлтын давуу шинж байгаа эсэхийг шалгаж үз. Хэрэв байгаа бол асуудалтайгаа холбоотой ямар нэг түлхүүр үгээр хайлт хийгээд үзвэл таньд тус болж болох юм. Хэрэв та өмнө нь ерөнхий веб хайлт л хийсэн бол(хийх ёстой учраас) таны вебийн хайлтын хөдөлгүүр эдгээр форумуудыг бүгдийг нь ойрын үед эрэмбэлээгүй байж магадгүй тул юу ч гэсэн форумаас хайгаад үз.

Өгөгдлөөр урсан өнгөрөх мэдээллийн замыг сайжруулахын тулд хадгалагдсан шуудангуудыг ашиглан веб форум болон IRC сувгаар дамжуулан хэрэглэгчдийг дэмжих төслүүд өсөх хандлагатай байна. Тиймээс төслөөс тусгай тусламж хайх үедээ тэдгээр сувгуудаас хайж үзнэ үү.

Хоёр дугаар алхам, төслийн шуудангийн жагсаалтыг ашигла.

Төслийн шуудангийн жагсаалт нь сайн байвал хэдийгээр та асуултанд тань хэн сайн хариулт өгч чадахыг мэднэ гэж бодож байгаа ч гэсэн хувь хүмүүст хандалгүйгээр шуудангийн жагсаалтад ханд. Төслийн шуудангийн жагсаалтын хаягийг авч түүнийг хэрэглэхийн тулд нүүр хуудас болон төслийн баримтжуулалтыг шалгаж үз. Учир нь үүнд хэд хэдэн давуу тал бий:

  • Нэг гүйцэтгэгчид ирсэн асуултыг тэрээр хариулт өгөхөд боломжийн асуулт байна гэж үзвэл энэ асуулт нь бүлэгт бүгдэнд нь үнэ цэнэтэй байх болно.
  • Жагсаалтад тавигдсан асуулт нь гүйцэтгэгчдэд хүрдэг. Хувиараа гүйцэтгэгч ( ялангуяа төслийн удирдагч бол ) таны асуултанд хариулах завгүй ч байж болно.
  • Ихэнх шуудангийн жагсаалт нь архивлагдаж, архив нь хайлтын хөдөлгүүрээр эрэмбэлэгддэг. Хэрвээ жагсаалтнаас асуулт асуугаад хариултаа авбал уг асуултыг асуух дараагийн хүн давтан асуулгүй вебээс асуулт хариултыг олж авах боломжтой.
  • Тодорхой асуулт байн байн тавигдаад байна гэж гүйцэтгэгчид үзвэл тэд баримт болон программ хангамжаа сайжруулж, будлианыг багасгахын тулд уг мэдээллийг хэрэглэж болно. Гэхдээ эдгээр асуултыг хувийн журмаар асуусан бол ямар асуулт хамгийн их тавигдаж байгаа талаар тодорхой мэдээллийг хэн ч мэдэхгүй.

Хэрэв төслийн шуудангийн жагсаалт болон веб форумд хэрэглэгч болон гүйцэтгэгч(буюу хакер )байхад та кодоор нэвтэрч чадахгүй байгаа бол хэрэглэгчийн жагсаалт/форумаас асуу. Таны асуултыг сонирхож үзэх төлөвтэй байгаа гүйцэтгэгчдийн жагсаалт руу өгөгдлөөр урсан өнгөрөх мэдээллийн замд саад болсноор та нэвтрэн орж чадахгүй.

Хэдийгээр асуулт тань энгийн нэг шалихгүй зүйл биш гэдгийг мэдэж байсан ч нэлээд удаан хугацаанд хэрэглэгчийн жагсаалт/форумд хариу ирээгүй байвал гүйцэтгэгчид хандаад үз. Тэд хэдхэн хоногийн дотор л танд сайн зөвөлгөө өгөх болно. (Энэ нь ямар ч хувийн болон хагас хувийн жагсаалтанд хэрэглэхэд давгүй зөвлөгөө юм шүү )

Хэрэв та төслийн шуудангийн жагсаалтын хаягийг олж чадаагүй ч төслийн зохицуулагчийн хаягийг мэдэж байгаа бол зохицуулагчид ханд. Гэхдээ энэ тохиолдолд ч гэсэн шуудангийн жагсаалт алга гэж бодох хэрэггүй. Э-шуудандаа шуудангийн жагсаалт хайсан боловч тохиромжтойг нь олж чадсангүй гэдгээ дурдах хэрэгтэй. Мөн таны шууданг бусад хүмүүс рүү илгээхэд дургүйцэхгүй гэдгээ бичих хэрэгтэй. (Хүмүүс ер нь шууданд нь ямар нэг нууц зүйл байгаагүй ч гэлээ хувийн шуудан хувийнхаараа л үлдэх ёстой гэж боддог. Та захиагаа бусдад илгээхийг зөвшөөрснөөр захиа бичигчдээ таны шууданг хэрхэн цэгцлэх талаар сонголт өгөх болно.)

Утгатай, тодорхой гарчиг өг

Шуудангийн жагсаалт, мэдээ солилцох бүлэг болон веб форумд сэдвийн толгой гэдэг бол чадварлаг мэргэжилтнүүдийн анхаарлыг татах алтан боломж юм. Энэ нь 50 буюу түүнээс доош тэмдэгтэнд багтсан байх хэрэгтэй. “Надад туслаач ”гэх мэтийн зүйл бичээд ч хэрэггүй.(Иймэрхүү толгойтой захиануудыг автоматаар хасчихдаг юм.) Зовлон шаналлаа тоочихолгүй, харин тэр зайгаа асуудлаа маш товчхоноор тодорхойлоход зориул.

Олон олон техникийн байгууллагуудын гарчигтаа хэрэглэдэг нэг сайн зүйл бол “объектоосоо хазайх” явдал юм. “Объект” -н хэсэг нь асуудалтай байгаа зүйлүүдийг илэрхийлж, “хазайлт” гэдэг нь бодож байснаас этгээд авирлахыг илтгэж байгаа юм.

Тэнэг: Туслаач! Миний зөөврийн компьютер дээр видео ажиллахгүй байна.

Боломжийн : X.org 6.8.1 алдаа, хулганы заагч, Fooware MV1005 vid.chipset

Ухаалаг: Fooware MV1005 vid.chipset-тэй X.org 6.8.1 хулганы заагчид алдаа гараад байна.

Хэлзүйн болон зөв бичгийн дүрмийг сахиж цэгцтэй бич

Бидний туршлагаас үзэхэд анхааралгүй, бүдүүлэг бичдэг хүмүүс ихэнхдээ бодож боловсруулахдаа ч гэсэн хайнга ханддаг(мөрийцөхөд ч бэлэн байна).Бид хайнга, аливааг дутуу тунгаан бодогчдын асуултыг авч хэлэлцэхээс өөр зүйлд цагаа зарцуулахыг илүүд үздэг.

Тиймээс асуултаа тодорхой бөгөөд сайн илэрхийлэх нь чухал юм. Үүнийг хийхээсээ төвөгшөөж байгаа бол бид ч бас танд анхаарал хандуулахаасаа төвөгшөөх болно. Хэлээ төгөлдөржүүлэхийн тулд нэмэлт зүтгэл гаргах хэрэгтэй. Хакерууд сайн зохион байгуулалттай мөртлөө энгийн, хар ярианы, хөгжилтэй үг хэллэгийг үнэлдэг тул хэл нь хэт албаны модон байх шаардлагагүй. Гэхдээ таныг юм бодож, анхаарлаа хандуулсан гэдгийг харуулах ямар нэг үнэ цэнэтэй зүйл хэллэгт тань байх ёстой.

Зөв бичгийн дүрмийг баримталж, цэг, таслал, томоор бичдэг үг хэллэг зэрэг дээр алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Бүх үсгээ томоор бичиж болохгүй. Хэрэв тэгвэл таныг өөдөөс орилж байна гэж үзээд тун бүдүүлэгт тооцох болно.(Бүгдийг жижгээр бичвэл уншихад бэрхшээлтэй байдаг тул бага зэрэг цухалдуулдаг. Alan Cox үүнийг шийдвэрлэж чадах ч та чадахгүй.)

Цаашилбал, та үгээ товчилж бичвэл мөн л таныг үл хайхрах болов уу. Тиймээс захиа бичихэд байнга хэрэглэгддэг товчлолуудыг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Хэрэв та тиймэрхүү байдлаар бичвэл ямар ч хариулт авахгүй байх буюу доромжилж элэглэсэн хариу л авна.

Хэрэв та асуулт тавихдаа төрөлх хэлээрээ тавиагүй бол зөв бичгийн болон хэлзүйн алдаанууд дээр тань харьцангүй бага анхаарал тавих боловч залхуу,хайнга байдлыг тань огтхон ч харж үзэхгүй(бид иймэрхүү ялгааг ихэвчлэн таньж чаддаг юм).Түүнчлэн та захиа хүлээн авагчийнхаа төрөлх хэлийг мэдэхгүй бол Англи хэлээр бич. Завгүй хакерууд тэдний мэдэхгүй хэлээр орж ирсэн асуултуудыг ихэнхдээ анхаардаггүй. Ер нь интернетийн хэл бол Англи хэл шүү дээ. Та Англи хэлээр бичснээр таны асуулт уншигдахгүй хаягдах эрсдлийг бууруулах болно.

Асуултуудаа нийтэд хүртээмжтэй, стандартны форматаар явуул

Хэрвээ та асуултаа уншихад гаргац муутай болгосон бол мөн л уншигдахгүй байх магадлал өндөртэй. Тиймээс:

  • Шуудангийнхаа бичвэрийг HTML-ээр биш энгийн бичвэрээр явуул(HTML-с гарах тийм ч хэцүү биш шүү дээ )
  • MIME(олон зорилгот интернетийн шуудангийн өргөтгөл )-н дагалдах хэрэгсэл ихэвчлэн боломжийн байдаг. Гэхдээ хэрвээ тэдгээр нь агуулга л сайн (тухайлбал дагалдаж ирсэн файлын эх үүсвэр ) бөгөөд таны шуудангийн үйлчлүүлэгч тань boilerplate-г бараг тараадаггүй бол(тухайлбал таны захианы өөр нэг хуулбар).
  • Бүх бичвэрээ нэг бүхэл параграф болгож шуудангаа бүү илгээ. (Ингэх нь захианы аль нэг хэсэгт хариу илгээхэд маш хүндрэлтэй болгодог) Таны захиаг хүлээн авагч шууданг тань 80буюу түүнээс доош тэмдэгтийн өргөнтэй бичвэрийн дэлгэцэн дээр уншина гэж бод.
  • Өгөгдлөө тохируулсан өргөнтэй багананд бүү байрлуул. Захиаг хүлээн авагч тань таны юу харсныг харж байгаа гэдэгт нь итгэлтэй байлгахын тулд өгөгдөл тань үүнд багтсан байх ёстой.
  • MIME-н хэвлэгдэхээр бэлтгэгдсэн кодийг Англи хэлний форумд бүү илгээ. Хэрэв та ASCII(Мэдээлэл солилцооны Америкийн жишиг код) -д байхгүй хэл дээр мэдээллээ байршуулж байгаа тохиолдолд уг код хэрэгтэй байж болох ч ихэнх шуудангийн байгууллагууд үүнийг дэмждэггүй. Хэрэв тэд эвдэрвэл бичвэрт тархсан бүх 20-н глиф нь үзэмжгүй бөгөөд яршигтай харагдаж эсвэл таны бичвэрийн утгыг тэр чигээр нь алдуулах болно.
  • Та хакеруудыг Microsoft Word,Excel мэтийн хувийн эзэмшлийн хаалттай бичиг баримтын форматыг унших боломжтой гэж хэзээ ч бүү найд. Хакерууд үүнийг тань унших боломжтой байсан ч ихэнх нь та хажуухандаа гахайны ялгадас овоолоод орхичихсон мэт л хандах болно.
  • Хэрэв та Windows machine-аас шуудангаа явуулж байгаа бол Microsoft-н Smart Quote гэсэн тэнэг зүйлийг унтраа. Ингэснээрээ та шууданд тань орж ирэх хэрэггүй тэмдэгтүүдээс зайлсхийх болно.
  • Веб форумд идэвхтэй байгаа smiley болон HTML явуулах хэрэггүй. Smiley 1 буюу 2 байхдаа зүгээр боловч хэт ганган, олон өнгөтэй бичвэр нь таныг тэнэг харагдуулах болно. Хэрэв танд хариултаас тань илүү маяглах нь чухал биш л байгаа бол Smiley, өнгө болон фонтоо хэтрүүлэн хэрэглэх нь таныг үнэхээр инээдтэй, өсвөр насны охин шиг харагдуулах болно гэдгийг ахин анхааруулъя.

Та Netscape Messenger, MS Outlook мэтийн хэрэглэгчийн графикийн холболтын шуудангийн үйлчлүүлэгч компьютер ашиглаж байгаа бол техник болон программ хангамжийн удирлагатай хамт хэрэглэгдэж байгаа үед тэдгээрийг тань гэмтээж болзошгүйг анхаарна уу. Иймэрхүү ихэнх үйлчлүүлэгч компьютерууд нь цэсэнд тулгуурласан “view source” коммандтай байдаг. Энгийн бичвэртээ хэрэгцээгүй зүйлүүд хавсрагдан явсан эсэхийг шалгахдаа үүнийг илгээгдсэн шуудангийнхаа хавтасан дахь зарим нэг зүйлүүддээ хэрэглэ.

Асуудлынхаа талаар нарийн мэдээлэлтэй бай

  • Тулгарсан асуудлынхаа талаарх тодорхой, нарийн шинж тэмдгүүдийг хэл
  • Ямар орчинд асуудал тулгарснаа хэл(машин, OS, хэрэглээ аль нь ч байлаа гэсэн). Хэрэглээнүүдийнхээ чанарыг сайжруул(жишээ нь:”Fedora Core 7”, “Slackware 9,1” гэх мэт )
  • Асуулт тавихаасаа өмнө асуудал юунд буйг тайлахыг оролдон хийсэн хайлтуудаа бич.
  • Асуулт тавихаасаа өмнө асуудлаа шийдвэрлэхийн тулд хийсэн тодорхой алхмуудаа дурд.
  • Асуудалтай тань холбоотой байж болзошгүй компьютерт тань юмуу программ хангамжийн үйл ажиллагаанд тань гарсан сүүлийн үеийн өөрчлөлттүүдийг хэл.

Хакерын асуух асуултуудад чадах чинээгээрээ оролцож, урьчилан хариул. Саймон Татам “Асуултыг хэрхэн үр дүнтэй тавих вэ” гэсэн гайхалтай эссэ бичсэн. Би танд үүнийг уншиж үзэхийг зөвлөж байна.

Хэмжээ гэдэг яв цав байдал биш

Та нарийн нямбай бөгөөд мэдээлэгч шинж чанартай байх ёстой. Энэ нь тусламж хүсэхдээ бөөн хэрэггүй код болон өгөгдөл оруул гэсэн үг биш юм. Хэрвээ танд программаа гэмтээх учир нь олдохгүй их хэмжээний бичвэр байгаа бол аль болох хэмжээг нь танахыг оролд.

Үүнд ядаж л дараах гурван шалтгаан бий. Нэг: та асуултаа хялбарчилж хариулт авахын тулд өөрийн зүгээс нэлээд хүчин чармайлт гаргах болно. Хоёр: асуултаа хялбарчилснаар та илүү сайн хариулт авах боломжтой.Гурав: тавих асуултаа сайжруулж байх явцдаа та өөрийгөө хөгжүүлэх болно.

Та өөрийгөө программын алдаа олсон гэж бүү зүтгэ

Та яг хаана нь алдаа байгааг маш итгэлтэй мэдэхгүй байгаа тохиолдолд программ хангамжийнхаа нэг хэсэгт алдаа гармагц асуудал тулгарлаа гэж мэдэгдэх шаардлагагүй. Зөвлөгөө: хэрвээ та гарсан алдааг засахын тулд эх кодыг засварлаж, алдаатай ажиллаад байгаа өмнөх хувилбарын программ хангамжийг сайжруулж чадна гэдэгтээ тийм ч итгэлгүй байвал асуудал тулгарлаа гэж мэдэгдэх хэрэггүй. Энэ нь веб хуудас болон баримтжуулалтанд ч гэсэн хамаатай. Хэрэв та баримтжуулалтын алдаа олвол бичвэрээ ахин хангах хэрэгтэй. Танд тулгарсан шиг адилхан асуудалтай тулгараагүй хүмүүс олон байгаа гэдгийг сана.

Та үүний талаар баримтжуулалт уншиж байхдаа юмуу вебээс хайлт хийж байхдаа олж мэдсэн байх( та үүнийг бидэнд гомдоллохоосоо өмнө олж мэдсэн биздээ?).Энэ нь асуудал программ хангамжинд биш танд л алдаа байх магадлал өндөр буй гэсэн үг юм.

Программ бичдэг хүмүүс аль болох сайн программ хийхийн тулд хичээнгүйлэн ажилладаг. Таны зөв байлаа ч гэсэн та өөрийгөө алдаа олсон гэж зүтгэх юм бол магадгүй заримд нь доромжлол мэт санагдах болно. Ялангуяа гарчгийн мөрөн дээр “алдаа” гэж бичих нь тун бүдүүлэг явдал юм.

Хэдийгээр та хувьдаа алдаа олсон гэдэгтээ бат итгэлтэй байлаа ч гэсэн асуулт тавихдаа өөрийгөө нэг алдаа гаргачихлаа гэж бичих нь зүгээр. Асуудал нь үнэхээр алдаанд байсан бол энэ тухай хариултыг та хүлээн авах болно. Үнэхээр алдаа байсан бол программын зохиогчид таниас уучлал хүсэх болно.

Гэрийн даалгаварт тань бялдууч байдал нэмэр болохгүй

Бүдүүлэг, их зантай байж болохгүйг ойлгосон зарим хүн хэт бялдууч ханддаг. “Би өөрийгөө мэдлэг тааруухан амьтан гэдгээ мэдэж байгаа ч...... ” гэж бичих нь анхаарал татахгүй бөгөөд ямар ч нэмэргүй. Ялангуяа асуудлын талаар тодорхой зүйлгүй байж дээрээс нь иймэрхүү юм бичвэл хүлээн авагчдын уурыг барах болно.

Хэт ерөнхий асуултаар өөрийнхөө болон бидний цагийг бүү гарзад. Харин асуудлын талаар чадах чинээгээрээ тодорхой мэдээлэл өг. Энэ нь таныг бялдуучлахаас илүү сайн илэрхийлэх болно.

Зарим веб форумууд шинэ хэрэглэлгчдэд зориулсан тусгай хэсэгтэй байдаг. Хэрэв таны асуулт тань амархан асуулт шиг санагдвал тийшээ ханд. Гэхдээ тэнд ч гэсэн бялдуучлаад хэрэггүй.

Асуудлынхаа талаарх өөрийн таамаглал биш шинж тэмдгийг нь дүрсэл

Хакеруудад асуудал юунаас болж гарсан тухай таны бодол чухал биш. (Та өөрийн тавьсан оношдоо тийм итгэл дүүрэн байгаа бол бусдаас тусламж хүсэх хэрэг байгаа юмуу?)Тиймээс өөрийнхөө оношилгооноос илүү юунд асуудал үүсээд буй талаар харсан шинж тэмдгүүдээ л хэл. Харин тэд оношилж шалтгааныг нь илрүүлэх болно. Хэрэв та өөрийнхөө таамаглалыг заавал илэрхийлэх шаардлагатай гэж үзвэл яагаад энэ хариулт тань асуудлыг шийдэж чадахгүй байгаагаа тодорхой бич.

Тэнэг: Би kernel-г хөрвүүлэхдээ SIG11 алдаа зааж байгааг мэдээд эх хавтангийн нэг хэсэгт нь цав үүссэн юм болуу гэж таамаглаж байна.

Ухаалаг: Манай гэрийн 256MB Corsair PC133 SDRAM-тай (VIA Apollo VP2 chipset)-FIC-PA2007 эх хавтангийн K6/233 асааснаас ойролцоогоор 20 минутын дараа kernel-г хөрвүүлэх хооронд SIG11 алдаа байнга гараад байгаа ч эхний 20 минутандаа зүв зүгээр байх юм. Ахин шинээр эхлүүлэхэд цаг шинээр эхлэхгүй байгаа ч шөнийн цагаар асаахаар болж байна. Бүх RAM-аа солисон ч ямар ч нэмэр алга.

“Объектийн хазайлт” бичих нь та асуудлаа илүү нарийвчлан бодоход тань туслах болно. Үүнд юу нөлөөлөх вэ? Зөвхөн хулганы заагуур болон бусад графикууд уу?Энэ нь Х-н Х.org хувилбарт тохирох уу? 6.8.1-д тохирох уу? Fooware video chipset-д тохирох уу? МҮ 1005 загварт тохирох уу? Үр дүнг нь харж байгаа хакер үүнийг тань зурвасхан хараад л та юун дээр асуудалтай байгааг тодорхойлох болно.

Та зөвхөн гарчгийн мөрөөс өгөгдсөн асуултын архивын эрэмбийг харж байна гэж төсөөлдөө. Тантай адилхан асуултын хариуг архивнаас хайж суугаа өөр нэг хүн асуултыг ахин тавилгүйгээр таны асуулт хариултын уялдааг харах боломжтой байхаар асуултынхаа агуулгыг гарчгандаа тусгах хэрэгтэй. Хэрэв та хариу захианд асуулт тавиж байгаа бол асуулт асууж буй гэдгээ мэдэгдэхийн тулд гарчгийн мөрөө өөрчлөх хэрэгтэй. “Re:бичвэр”,”Re: шинэ асуудал ” зэрэг гарчгийн мөр нь бусдын анхаарлыг хангалттай татаж чаддаггүй.

Түүнчлэн, өмнөх зурвасыг бага болгож танах нь шинэ уншигчдыг татдаг. Бүхэлдээ шинэ асуултын уялдаа үүсгэхийн тулд жагсаалтын зурвасд шууд хариу өгөөд хэрэггүй. Энэ нь таны уншигчдыг цөөрүүлэх болно. Зарим шууданд хэрэглэгчдийг уялдаагаар нь ангилж, уг уялдааг зурвасан дунд нууж болдог. Хэрэв та ингэвэл хэзээ ч зурвасаа олж харахгүй. Гарчгаа солих нь хангалтгүй. Зарим шуудан уншигчид гарчгийн мөрнөөс биш э-шуудангийн толгойноос мэдээлэл хайдаг.

Харин веб форумуудад арай өөр дүрэм үйлчилдэг. Ирсэн хариултаас асуулт асуухдаа гарчгаа өөрчлөх нь чухал биш. Бүх форумууд хариултандаа тусдаа гарчгийн мөр явуулах хэрэгтэй гэж үздэггүй бөгөөд тэгсэн тохиолдолд бараг хэн ч түүнийг нь уншдаггүй. Гэхдээ хариултанд асуулт тавих нь өөрөө бага зэрэг эргэлзээтэй асуудал юм. Учир нь зөвхөн тэдгээр уялдааг харж байгаа хүмүүс л үүнийг унших боломжтой. Тиймээс та уялдаанд байгаа хүмүүсээс л зөвхөн асуулт асуух гээгүй юм бол шинээр эхлүүл.

Хариулт өгөхөд хялбар болго

Асуултаа “Хариултаа ...рүү явуулна уу ” гэж төгсгөх нь хариулт авах боломжийг тань бууруулах талтай. Та шуудангийнхаа толгойг зохих ёсоор бичээд явуулахдаа хэдэн секунд зарцуулахаасаа төвөгшөөж байвал бид ч бас таны асуудлын талаар бодохоосоо төвөгшөөх болно. Хэрвээ таны шуудангийн программ ингэх боломж олгохгүй байгаа бол илүү дээр шуудангийн программ олж ав. Хэрэв таны үйлдлийн систем үүнийг ажиллуулдаг шуудангийн программыг дэмждэггүй бол илүү дээр үйлдлийн систем суулга.

Хэрэв та мэдээллээ бусдад дэлгэж болохооргүй гэж үзэхгүй л байгаа бол веб форумд хариуг э-шуудангаар явуулахыг хүсэх нь үнэхээр бүдүүлэг хэрэг юм (тодорхойгүй шалтгаанаар хэн нэг нь таны ийм шууданг хүлээн авч болох ч форумын гишүүд бүгд үүний талаар мэдэхгүй). Хэрэв та хэн нэгний уялдаан дээрээс э-шууданг хуулж авахыг хүсвэл үүнийгээ веб форумд мэдэгдэх хэрэгтэй. “Энэ уялдааг хар”,”хариултнуудад э-шуудан явуул” гэсэн сонголтуудтай газар бүрт үүнийг хийж болно.

Асуудлынхаа шинж тэмдгийг цаг хугацааны дэс дараалалтай бич

Асуудлын учрыг тайлахад хамгийн хэрэгцээтэй байдаг асуудлын дэс дарааг алдагдуулах нь түүнийг шийдвэрлэхэд бэрхшээл учруулдаг. Тиймээс та ямар ямар бүртгэл хийсэн, төхөөрөмжүүд болон программ чинь ямар үйлдэл хийснийг нарийн тодорхой бичсэн байх хэрэгтэй.

Асуудал үүссэн программд тань оношилгооны сонголтууд байвал (verbose-н хувьд v гэх мэт), бичвэрт хэрэгцээтэй зүгшрүүлэх мэдээллийн нэмэх сонголтыг сонгохыг хичээ.

Хэрэв параграф тань олон болсон бол(ойролцоогоор 4 параграфаас илүү)асуудлаа эхнээс нь дуустал товч бөгөөд дараалалтай дурдах хэрэгтэй. Ингэснээрээ хакер таны бүртгэлээс юуг нь унших хэрэгтэйгээ мэдэж авах болно.

Алхмуудыг биш зорилгоо дүрсэл

Аливааг хэрхэн хийдэг талаар мэдэж авахыг оролдож байгаа бол (программын цоорхойг мэдээллэхдээ хийх үйлдлүүдийн адилаар) зорилгоо тодорхойлохоос эхэл. Дараа нь юун дээр ирээд гацсан талаарх тодорхой алхмаа дурдаж болно. Ихэвчлэн техникийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс дотроо зорилгоо өндөр түвшинд тодорхойлсон байдаг ба зорилгынхоо төлөө явах тодорхой нэг замыг хайж байдаг. Тэд хийх алхмуудынхаа тал дээр асуудалтай тулгараад тусламж хүсдэг боловч уг арга зам нь буруу гэдгийг ухаардаггүй. Үүнийг давахын тулд тодорхой зүтгэл гаргах хэрэгтэй.

Тэнэг: Би hexadecimal RGB value авахын тулд FooRraw программ дээр color-picker яаж авах вэ?

Ухаалаг: Би өөрийнхөө сонгосон image дээр өнгөний сонголтуудаа байрлуулахыг хүссэн юм. Яг одоо миний харж буйгаар бол сонголт бүрийн завсрыг сайжруулснаар хийж болох мэт байгаа боловч би hexadecimal RGB value авахын тулд FooRraw программ дээр color-picker хэрхэн авахаа ойлгодоггүй ээ.

Уг хоёр хувилбарын хувьд 2-р нь ухаалаг асуулт юм. Энэ асуултын хариултанд хийх гэж буй зүйлд нь илүү тохирсон багаж хэрэгслийг санал болгох болно.

Хүмүүсээс хувийн шуудангаар хариултаа явуулахыг хүсээд хэрэггүй

Хэрэв илүү мэдлэгтэй хэн нэг нь эхэнд өгсөн хариултыг дутуу буюу буруу байна гэдгийг тогтоовол түүнийг засах боломжтой, засах ёстой гэж хакерууд үздэг тул асуултанд хариулт өгөх нь нийтэд ил тод үйл явц байх ёстой гэж үздэг.Түүнчлэн тусламж үзүүлэгчдид нь бусдад мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай гэж харагдахыг хүсдэг юм.

Та хариу захиаг хувийн шуудангаар авахыг хүсэж байгаагаа илэрхийлвэл та хариулт авч чадахгүйд хүрнэ. Тиймээс ингэх хэрэггүй. Хариуг хувийн шуудангаар тань явуулах эсэхээ шийдэх нь хариу илгээгчийн сонголт бөгөөд хэрвээ хариуг хувийн шуудангаар тань илгээвэл асуулт тань хэт муу боловсруулагдсан юмуу бусдад сонирхолтой бус нь тодорхой гэсэн үг юм.

Гэхдээ энэ дүрмэнд нэг хязгаарлагдмал ойлголт байна. Хэрвээ та асуултаа олон төстэй хариулт авна гэж бодож байгаа бол энэ тохиолдолд “Надруу шуудан явуул, тэгвэл би бүлэгт хариултуудыг дүгнэж өгөх болно” гэж бичих хэрэгтэй.

Асуултынхаа талаар тодорхой бай

Тодорхой хариулт байхгүй, өргөн асуултыг хүмүүс өчнөөн их цаг зарцуулна гэж үздэг. Тэдгээр хүмүүс нь сайн хариулт өгөх чадвартай байдаг ч хамгийн завгүй хүмүүс байдаг(тэд хамаг ажлаа өөрсдөө хийдэг учраас ). Тиймэрхүү хүмүүс нэг асуултанд хамаг цагаа зарцуулах дургүй байдаг тул тодорхой хариултгүй, өргөн асуултанд дургүй.

Та захиа хүлээн авагчиас юу хүсэж буйгаа тодорхой илэрхийлбэл сайн хариулт авах боломж тань өсөх болно (ямар ч байсан кодоо илгээж, программд хийсэн өөрчлөлтөө шалгаад үз ). Ингэснээр тань тэд зүтгэл гаргаж буйг тань харж цаагуураа танд цаг хугацаа, хүчээ зарцуулах болно. Энэ нь сайн хэрэг юм.

Мэргэжилтнүүдийг ойлгохын тулд та тэднийг давчуу хугацаанд, бага эх үүсвэртэй асуултанд хариулт өгдөг мэдээллийн сан ихтэй хүмүүс гэж бодох хэрэгтэй. Таны тавьсан асуултанд хариулт өгөхөд бага хугацаа шаардах тусам таны үнэхээр сайн мэдлэгтэй, завгүй хүнээс хариулт авах магадлал тань нэмэгдэх болно.

Тиймээс та хариултанд тань мэргэжилтнээс аль болох бага хугацаа зарцуулахуйцаар асуултаа багасган танах хэрэгтэй. Гэхдээ энэ нь асуултаа энгийн болгохоос огт өөр зүйл юм. Тиймээс тухайлбал,”Надад Х-г сайн тайлбарласан зөвөлгөө өгөхгүй юу?” гэх асуулт нь “Х- г тайлбарлаад өгөөч ” гэх асуултаас илүү дээр юм. Хэрвээ таны код ямар нэг гажигтай байгаа бол үүнийг хэрхэн засварлах тухай асуухаасаа илүү юу нь болж өгөхгүй байгааг тайлбарлахыг хэн нэгнээс хүсэх нь илүү дээр байх болно.

Кодын талаар асуухдаа

Та бусдад аль хэсэгт нь алдаа гарсныг тодорхой хэлээгүй байж гэмтэлтэй кодоо засуулъя гэж хүсээд хэрэггүй. Хэдэн зуун мөр код явуулаад “Энэ ажиллахгүй байна” гэсэн асуулт тавибал таныг тэд хайхрахгүй. Хэдэн мөр код явуулаад “7 мөрийн дараагаар <х> байх ёстой боловч оронд нь <у> гарч ирээд байна“ гэвэл харин таны хариулт авах боломж тань өсөх болно.

Хэрэв та зүгээр л кодоо дахин сэргээснийг харахыг хүсвэл та яг аль хэсгийг, яагаад харахыг хүсэж буйгаа тодорхой илэрхийлэх хэрэгтэй.

Гэрийн даалгаврын асуултаа бүү тавь

Хакерүүд гэрийн даалгавраа өөрсдөө хийдэг байсан болохоор тэдний ихэнх нь тэдгээр асуултыг хялбархан таньдаг. Тэдгээрийнхээ талаар зөвлөгөө хүсэж болох ч бүх хариултаа авна гэж найдаад хэрэггүй.

Хэрвээ та гэрийн даалгаврын асуултаа өөрөө шийдвэрлэхийг хүссэн ч яаж ч оролдоод шийдвэрлэж чадахгүй байгаа бол хэрэглэгчдийн бүлгийн форумууд(эцсийн найдвар болгож)болон төслийн хэрэглэгчийн жагсаалт/форумд хандаад үз. Хакерүүд үүнийг тань харж байх хооронд ядаж л зарим нэг мэдлэгтэй хэрэглэгчид таньд зөвлөгөө өгөх болно.

Зорилгогүй асуултуудаа хас

“Надад туслаач”,”Үүнд хариулт өгч чадах уу?” гэх мэтийн учирзүйн дутагдалтай асуулт тавихаас татгалзах хэрэгтэй. Нэгдүгээрт: хэрэв та асуудлуудаа хагас дутуу дүрслэн оруулаад дараа нь иймэрхүү асуулт нэмж оруулах нь огт илүү зүйл юм. Хоёрдугаарт:учир нь эдгээр нь илүү зүйл бөгөөд хэдийгээр өөлөхийн аргагүй болсон ч байлаа хакерүүд үүнд дургүй учраас “тиймээ танд хариулт өгч болно”, “үгүй танд туслах боломжгүй ” гэсэн үл хайхарсан хариулт өгөх болно.

Ерөнхийдөө та тийм, үгүй гэсэн хариулт авахыг хүсээгүй л бол “тиймүү? Үгүй юу? ” гэсэн асуулт асуухаас зайлсхийх хэрэгтэй.

Таны асуулт хэдий яаруу байсан ч “тун яаралтай ” гэж бичээд хэрэггүй

Энэ нь таны асуудал болохоос биднийх биш. Хариу түргэн өгөхийг шаардах нь таныг хакерууд онцгой анхаарал тавихыг хүсэж байгаа бүдүүлэг, хувиа хичээсэн хүн гэж үзэхэд хүргэдэг тул тэд иймэрхүү асуултыг шууд устгахдаа бэлэн байдаг.

Гэхдээ нэмж хэлэх нэг зүйл байна. Хэрэв танд хариулт маш яаралтай хэрэгтэй байгаа бол тодорхой хэсгүүдэд эелдэгээр, хүмүүсийн сонирхолыг татахуйцаар үүнийгээ мэдэгдснээр хурдан хариулт авч болох юм.

Гэхдээ хакеруудын сонирхолыг татдаг зүйл нь таныхаас магадгүй өөр тул энэ нь маш эрсдэлтэй алхам ч байж болзошгүй.

Хэрэв та үүнийг учир битүүлэг зүйл гэж үзэж байгаа бол асуултаа тавихаас өмнө ойлгон ойлготлоо энэ зааварчилгааг эхнээс нь дуустал унш.

Боловсон байдал хэзээ ч бусдыг гомдоохгүй харин тус болно

Эелдэг боловсон бай.”Анхаарлаа хандуулсанд баярлалаа”, гэх мэтийн үг хэллэг хэрэглэ. Хүн таньд үнэ хөлсгүй тусалж өгч буй явдалд талархаж буйгаа илэрхийлэх хэрэгтэй.

Үнэн ч бай. Гэхдээ энэ нь хэлзүйн дүрмийн алдаагүй,тодорхой,цэгцтэй, дүрслэлтэй, буруу формат ашиглах зэргээс илүү чухал зүйл гэж битгий бодоорой. Ерөнхийдөө хакерууд эелдэг мөртлөө бүдэг бадаг байдлаас илүү техникийн хувьд хурц ширүүн шүүмж,алдаануудыг илүүд үздэг.

Гэхдээ та асуудлаа зохих ёсоор илэрхийлээгүй л бол хэдий эелдэг байгаад ч хүссэн хариултаа авч чадахгүй.

(Уг “Хэрхэн” гэдэг асуултанд хариулт өгөх ахмад хакеруудыг ажиглаад байхад ганц чухал зүйл нь бол бидний өмнө нь танд хэлсэн “Урьдчилан талархал илэрхийлье ” гэсэн үгийг хэрэглэх явдал юм. Зарим хакерууд уг талархалыг тань дараа нь ямар ч талархал илэрхийлэхгүй юм байна гэж бодох нь бий. Бидний зөвлөж байгаа зүйл бол эхлээд урьдчилан талархаж буйгаа илэрхийлчихээд дараа нь “Анхаарал хандуулсанд баярлалаа ” ч юмуу иймэрхүү маягаар өөр байдлаар боловсон байдлаа үзүүлэх хэрэгтэй )

Эцсийн хариун дээрээ дүгнэлт гарга

Тэд хариу илгээсний дараа асуудал тань бүрэн шийдвэрлэгдсэн тухайгаа дурдаж, ахин талархалаа илэрхийлсэн зурвасыг таньд тусалсан хүмүүс рүү илгээ. Хэрэв асуудал тань шуудангийн жагсаалт болон мэдээлэл солилцох бүлгийн сонирхолыг ерөнхийдөө татсан бол тэнд ч гэсэн та үргэлжлүүлэн хариу нийтлэл үлдээх нь зүйтэй.

Хариу шуудан нь анх тавигдсан асуултын холбогдох уялдаанд хадгалагдсан байх ёстой бөгөөд “засварлагдсан ”,”шийдэгдсэн ” гэх зэрэг тодорхой зүйл гарчгийн мөрөн дээр байх ёстой. Хурдан шинэчлэгддэг шуудангийн жагсаалтанд “Х асуудал засварлагдсан ”гэсэн төгсгөлтэй “Х асуудал”-н уялдааг харж суугаа хариулт өгөх боломжтой асуулт хүлээн авагч нь уг уялдааг уншихад цагаа гарздахгүй л болов уу (Хэрэв уг асуудал нь түүний хувьд тун сонирхолтой санагдахгүй л бол ). Харин тэрээр өөр асуудал шийдвэрлэхэд уг цагийг зарцуулах болно.

Таны үргэлжлэл нийтлэл урт байх шаардлагагүй. Зүгээр “ Сайн байцгаана уу, миний асуудал сүлжээний утас гэмтэснээс болсон байна. Бүгдэд нь баярлалаа-Билл ” гэх нь юу ч илгээхгүй байснаас дээр. Хэрэв асуудлын шийдвэр тань үнэхээр л техникийн том ололт байгаагүй бол урт, илтгэл мэтийн дүгнэлтээс илүү хөгжилтэй, богино дүгнэлт дээр байдаг. Ямар үйл явц асуудлыг тань шийдвэрлэснийг хэлэх хэрэгтэй ч асуудлыг шийдвэрлэсэн бүх үйл явцыг дэс дарааллуулан тайлагнах шаардлагагүй.

Зарим хэцүү асуудлуудын хувьд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай товч дүгнэлт гаргах нь зүйтэй. Сүүлийн асуудлынхаа шийдлийг бич. Яг юу нь асуудлыг шийдвэрлэх түлхүүр болсон,цаашид юунаас сэргийлүүштэйг дурдах хэрэгтэй. Тэдгээрийг үргэлжлэл нийтлэл бүр хуучирсан хойно нь илгээхээс илүү зөв хариулт буюу бусад дүгнэлт материалуудынхаа араас илгээвэл зүгээр. Танд тусалсан хүмүүсийн нэрийг дурдсанаар найз нөхөд болж болох тул ингэхийг танд зөвлөе.

Энэ төрлийн үргэлжлэл нийтлэл нь бусад хүмүүст ч гэсэн танд тус хүргэсний адилаар шуудангийн жагсаалт, мэдээлэл солилцох бүлэг болон форумын архивиас хайлт хийх боломж олгодог тул та боловсон бөгөөд мэдээлэгч шинж чанартай байхаас гадна үрэглжлэл нийтлэл явуулах хэрэгтэй.

Ядаж л энэ төрлийн үргэлжлэл нийтлэл нь асуудлыг тань шийдвэрлэхэд оролцсон хүмүүст танд тус болсондоо сэтгэл хангалуун байх сэтгэгдлийг өгөх болно. Хэрэв та өөрөө техникийн өндөр чадвартан юмуу хакер биш бол эдгээр сэтгэгдэл нь танд тусалсан техникийн мэргэжилтнүүдэд маш чухал гэдэгт итгэ. Асуудлаа тайлагнах үед гол асуудалдаа орохдоо хэт сунжрах нь ядаргаатай байдаг ба хакерууд тэдгээрийг шийдвэрлэхдээ таатай ханддаггүй. Хакерыг ийм бэрхшээлтэй учруулахгүй байх нь хариулт олж авахад тань ихээхэн тус хүргэх болно. Цаашид бусад хүмүүсийг ийм асуудалтай тулгаруулахгүй байх тал дээр та юу хийж чадахаа бодож үз. Хэрэв баримтжуулалт юм уу Байнга тавигддаг асуултын хэсэг хариултанд тань тусалсан буюу хариулт өгсөн бол та уг хэсгийг төслийн удирдагч руу илгээ. Хакеруудын дунд энэ төрлийн үргэлжлэл нийтлэлийг илгээх нь энгийн нэг эелдэг байдлаас хамаагүй чухал зүйл юм шүү. Ингэснээрээ та бусдаас тусламж хүсэхдээ нэр хүндтэй үлдэж болно.

Хариултуудыг хэрхэн ойлгох вэ ?

RTFM(зааврыг унш) буюу STFW(вебээс хай):Үнэхээр яах учраа олохоо больчихсныгоо хэрхэн мэдэгдэх вэ?

Хэрвээ та RTFM унш гэсэн хариулт авбал танд энэ хариуг илгээсэн хүн таныг хараал идсэн заавраа унших хэрэгтэй гэж бодож байна гэсэн үг. Түүний ч зөв байх. Тэгэхээр заавраа унш.

RTFM-тай адилхан хариулт бас бий.Хэрэв та STFW хариу авбал үүнийг илгээсэн хүн таныг хараал идсэн вебээс хайлт хийх хэрэгтэй гэж бодож байна гэсэн үг. Мөн л түүний зөв. Та вебээс хайлт хийх хэрэгтэй. (Уг хэллэгийн арай боловсон хувилбар нь: “Гүүгл таны найз байх болно!”)

Веб форумд форумын архиваас хайлт хий гэсэн хариулт авч болох юм. Таны тавьсан асуултанд хэн нэг нь өмнө нь өгөгдөж байсан хариултын холбоосыг санал болгохдоо тун эелдэг хандаж ч болно. Гэхдээ таньд ийм байдлаар анхаарал тавихад нь итгээд хэрэггүй. Асуулт тавихаасаа өмнө архиваас хайлт хийж үз. Танд хайлт хий гэж хэлж байгаа хүмүүст ихэнхдээ заавар эсвэл таны нээж үзэх шаардлагатай мэдээлэлтэй веб хуудсууд байдаг. Тиймээс эдгээр хариултууд нь хэрэгтэй мэдээлэл тань олоход амархан эсвэл танд бэлэн юм өгснөөс өөрөөр тань хайлгавал илүү юм сурна гэдгийг илтгэж байгаа юм.

Харин та үүнийг доромжлол гэж үзэх хэрэггүй. Хакеруудыхнаар бол таны асуултыг хүлээн авагч таныг үл ойшоолгүй харин хүндлэл үзүүлж буй хэрэг юм. Тиймээс та ингэж ахмадын журмаар өгсөн зөвлөгөөнд нь талархах хэрэгтэй.

Хэрвээ та ойлгохгүй байгаа бол

Хэрвээ та хариултыг ойлгохгүй байгаа бол тайлбарлаж өгөхийг шаардсан хариу шууд илгээх хэрэггүй. Хариултыг ойлгохын тулд анх асуулт тавихаасаа өмнө нь туршиж үзсэн аргуудыг хэрэглэ.(гарын авлага унших, байнга тавигддаг асуултууд болон вебээс хайж, чадварлаг найз нөхдөөсөө асуух гэх мэт..) Тэгсэн ч гэсэн тайлбар хүсэх шаардлагатай байгаа бол юу юу судласнаа танилцуулах хэрэгтэй.

Жишээлбэл би танд “Та zentry гэдэг дээр алдаа гаргасан бололтой. Үүнийгээ засах хэрэгтэй ” гэж хэллээ гэж бодъё. Тэгвэл “Zentry гэж юу вэ? “ гэж асуувал тааруухан асуулт болно. Харин үүнийг “би энэ хуудсыг уншиж үзэхэд -z, -p-г өөрчилөхөд л zentry гэж гарч ирж байна. Тэдгээрийн аль алинд нь zentry-г хэрхэн засах талаар юм алга. Энэ нь тэдгээрийн аль нэг мөн үү? Аль эсвэл би өөр ямар нэг зүйл орхиод байна уу?”гэж сайжруулан асууж болно.

Бүдүүлэг байдлыг яах вэ?

Хакеруудын ертөнцөд бусдыг дайрч доромжлохгүй байхыг боддог. Гэхдээ тэдэнд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээс илүү асуулдыг нь шийдвэрлэж өгөх нь чухал юм.

Тэд танд бүдүүлэг хандвал тайван хандахыг хичээ. Хэн нэг нь таныг үнэхээр доош нь хийгээд байвал тэр нь жагсаалт, мэдээ солилцох бүлэг юмуу форумын туршлагатай оролцогчид байх магадлал өндөртэй. Хэрэв өөр хэн нэгэн байгаад таны тэвчээр барагдаж эхэлвэл тэр нь хакеруудын баримталдаг зарчмын дагуу ийм авир гаргаж байгаа бөгөөд таны буруу гэж тэд үзэж байна гэсэн үг. Энэ нь таны хүссэн мэдээлэл юмуу тусламжаа авахад боломжийг тань бууруулна.

(Зарим хүмүүс хакеруудыг учир битүүлэг, энгийн хүмүүсээс гаж сэтгэдэг гэж үздэг. Энэ нь үнэнч байж мэднэ, худалч байж мэднэ. Хэрэв та өөрөө хакер биш болоод бидний тархийг гажигтай гэж үзэж байгаа бол биднийг ойлгохыг хүсье. Бид үүнийг тоохгүй, бид байгаагаараа байхыг хүсдэг. Гэхдээ бидэнд тавьсан оношилгоонд тань ерөнхийдөө тийм ч их итгэдэггүй).

Дараагийн хэсэгт та зохисгүй авир гаргавал бидний зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх талаар зэрэг төрөл бүрийн асуудлыг авч үзэх болно.

Ялагдагч шиг аашлах хэрэггүй

Хакерын форумаас танд илгээх хачин хачин зүйлүүдийн талаар мэдээллийг энэ бичвэрт нарийвчлан тусгасан байгаа. Яг юу таны толгойг эргүүлсэн талаар нарийн мэдээллийг нээлттэй байдлаар хүлээн авах болно.

Ийм зүйл тохиолдвол дараах зүйлүүдийг хийгээд дэмий л байх боловуу: туршлагынхаа талаар гоншигонох, үг хэлээр доромжлогдсон гэж зүтгэх, уучлал гуйхыг шаардах, орилох, хуулийн нэр барьж сүрдүүлэх, хүмүүсийн ажил олгогчидод нь гомдол мэдүүлэх гэх мэт .... Харин оронд нь та дараах зүйлүүдийг хийсэн нь дээр:

Бүү анзаар. Энэ бол байдаг л зүйл. Үнэндээ энэ нь зүй ёсны хэрэг юм.

Харилцааны ёс горимд эдгээр нь нийцэхгүй: тэдгээрийг хүмүүс идэвхтэй, олон нийтэд ил тод байдлаар зарладаг.Бүх шүүмжлэлийг хувийн шуудангаар ирүүлэх ёс байхгүй учраас хувийн шуудангаар явуулах ёстой байсан юм гэж шалтаг тоочих хэрэггүй. Мөн хэн нэг нь таны баталгааг буруу байна гэсэн сэтгэгдэл( comment) үлдээх юмуу таниас өөр үзэл бодолтой байхад тэдгээр хүмүүсийг таныг доромжилсон гэх шаардлага байхгүй. Эдгээр нь бүгд ялагдагчдын гаргадаг зан авир юм.

Оролцогчдыгоо бусдын дэлгэн тавьсан зүйл дээрх алдааг илрүүлэхийг хориглодог буюу “Хэрэв та хэрэглэгчдэд туслахад бэлэн биш байгаа бол юу ч хэлээд хэрэггүй” гэж хэлдэг хэт бүдүүлэг хакерийн форумууд байдаг.Асуудал шийдвэрлэхэд хэрэгцээтэй оролцогчдыг өөр хаа нэг тийшээ ингэж явуулах нь техникийн форумыг хэрэгцээгүй болгодог.

Хэтрүүлэн хэлэхэд “нөхөрсөг” эсвэл хэрэгцээтэй: нэгийг нь сонго.

Үүнийг сана: хэрэв хакер таныг бүр будилчихжээ гэж хэлээд, ахиад бүү ингээрээ гэвэл ( хэр ууртай байх нь хамаагүй) тэр танд анхаарал тавин энэ бүгдийг хийж байгаа гэдэгт итгээрэй. Таныг тоохгүй орхиод орж ирсэн асуултуудаасаа таныхыг хасаж хаях нь түүнд хамаагүй амар байх байсан боловуу. Хэдийгээр будилж, төөрөгдөлд ороогүй байлаа ч гэсэн(тэд л өөрсдөө таныг будилчихжээ гэж бодоод) та энэ бүхнийг гайхалтайгаар зохицуулж чаддаггүй юмаа гэхэд бага зэрэг намбатай байж чадахгүй байгаа бол та юу юу ч мэдэхгүй анхлан суралцагч учраас танд эрхэм дээд язгууртан шиг хандана гэж найдаж, гомдоллох хэрэггүй.

Заримдаа хүмүүс тан руу тодорхой шалтгаангүйгээр хувийн журмаар дайрч магадгүй. Энэ тохиолдолд гомдоллох нь үнэхээр бүхнийг баллаж мэднэ. Эдгээр нь өөрсдийгөө компьютерийн мэргэжилтэн гээд бодчихсон дулмигхан мэдлэгтэй хэрэглэгчид юмуу таныг будилсан эсэхийг шалгаж байгаа сэтгэл зүйчид байж болох юм. Бусад уншигчид үүнийг хайхарч үздэггүй, эсвэл тэдэнтэй харьцах арга замыг өөрсдөө олдог. Тэдгээрийн ингэж авирлах нь өөрсдөд нь асуудал үүсгэдэг.(Гэхдээ энэ нь тантай хамааралгүй)

Хүмүүс тань руу элдэв үг хаяж зурвас явууллаа гэхэд та тэдэнд хариу барихгүй байхад л болно. Таныг ирсэн зурваснуудаа учраа олохгүй байхад тань өгсөн зөвөлгөө биш, дайрч доромжилсон агуулгатай байна уу үгүй юу гэдгийг шалгасны дараа ихэнх хэрэггүй зурваснууд устгагддаг.

Асуух хэрэггүй асуултууд

Хамгийн тэнэг асуултуудын заримаас болон хакерууд тэдгээрийг юу гэж боддог тухай дурдъя.

  • “Х”программ болон программын эх үүсвэрийг хаанаас олж болох вэ?
  • “У”-г хийхийн тулд ”Х”-г хэрхэн ашиглаж ёстой вэ?
  • Shell prompt-тоо хэрхэн тохиргоо хийх вэ? Би Bass-o-matic файл хувиргагчийг ашиглан AcmeCorp баримтыг TeX файл болгон хувиргах боломжтой юу?
  • Миний {программ, тохиргоо, бүтцэт асуулгын хэл(SQL)}ажиллахгүй байна.
  • Миний Windows machine-д асуудал гарчихлаа. Надад тусалж чадахгүй биз?
  • Миний программ ажилладаггүй ээ. Би системийн Х төхөөрөмж нь эвдэрчихсэн гэж бодож байна.
  • Би Линукс эсвэл Х үйлдлийн системийг суулгаж чаддаггүй ээ. Надад туслаач.
  • Би яаж бусдын э-шууданг унших/ сувгийг нь хулгайлах вэ?


А: “Х”программ болон программын эх үүсвэрийг хаанаас олж болох вэ?

Х: Тэнэгээ миний олж авсан газраас л олно биздээ- вебээс хайж. Бурхан минь, Гүүглийг яаж хэрэглэдгийг одоо болтол мэддэггүй хүн байдаггүй хэрэг үү?

А: “У”-г хийхийн тулд ”Х”-г хэрхэн ашиглаж ёстой вэ?

Х: Чиний хүсэж буй зүйл Ү-г хийх юм бол энэ асуудалдаа хэрэглэхэд тохиромжгүй арга замыг боломжтой эсэхийг асуулгүйгээр асуултаа тавих хэрэгтэй байсан юм. Энэ хэлбэрийн асуултууд ихэвчлэн Х-н талаар биш харин шийдвэрлэх гээд байгаа Ү асуудалдаа толгой нь эргэсэн, тодорхой нөхцөл байдлаа хэт нарийвчлан авч үзээд будилсан хүмүүсийг харуулдаг. Иймэрхүү асуулт тавьсан хүмүүсийг асуудлаа илүү дээр тодорхойлтол нь үл хайхрах нь ерөнхийдөө дээр байдаг.

А: Shell prompt-тоо хэрхэн тохиргоо хийх вэ?

Х: Та ийм асуулт тавих ухаантай л хүн юм бол хараал идсэн заавраа уншаад, хариултаа өөрөө олчих ухаантай л байх ёстой доо.

А: Би Bass-o-matic файл хувиргагчийг ашиглан AcmeCorp баримтыг TeX файл болгон хувиргах боломжтой юу?

Х: Өөрөө оролдож үзээд хар. Хэрэв та өөрөө оролдвол цагийг минь дэмий үрэлгүй хариултаа өөрөө олох болно.

А: Миний {программ, тохиргоо, бүтцэт асуулгын хэл(SQL)}ажиллахгүй байна.

Х: Энэ бол асуулт биш. Надад таны тавьсан наян асуултанд хариулт өгөх сонирхол алга. Надад илүү дээр хийх юм бий шүү. Иймэрхүү зүйл харахлаар надад дараах сэтгэгдлүүд төрдөг: Үүн дээрээ нэмэх өөр юм байхгүй юу? Өө, яасан тоогүй хэрэг болоо вэ, наадхаа засуулахыг хүсье Тэгээд наадах чинь надад ямар хамаатай юм бэ?

А: Миний Windows machine-д асуудал гарчлаа. Надад тусалж чадахгүй биз?

Х: Тиймээ. Та наад Microsoft-н хогоо хаяад Линукс, BSD шиг нээлттэй эхийн үйлдлийн систем суулга. Жич: Хэрэв Windows-с албан ёсоор гаргаагүй Windows machine-тай холбоотой асуулт ба Windows machine-тай харилцан ажиллах талаар асуулт (Samba гэх мэт)-г тавьж болно. Харин асуудал нь программд биш Windows-д байгаа гэдэг хариулт аваад бүү гайхаарай. Учир нь Windows ихэвчлэн тун амархан гэмтдэг юм.

А: Миний программ ажилладаггүй ээ. Би системийн Х төхөөрөмж нь эвдэрчихсэн гэж бодож байна.

Х: Та хэдэн зуун мянган хүний байнга хэрэглэдэг системд тохиолддог тодорхой алдаануудыг тогтоосон хамгийн анхны хүн нь байж болох ч үүнээс илүүтэйгээр та үнэхээр юмны учир ойлгодогггүй хүн бололтой. Ер бусын таамгууд ер бусын нотолгоо шаарддаг. Хэрэв та иймэрхүү таамаг дэвшүүлж байгаа бол гарсан алдааны талаар тодорхой, нарийн нягт баримт хавсаргах хэрэгтэй.

А: Би Линукс эсвэл Х үйлдлийн системийг суулгаж чаддаггүй ээ. Надад туслаач.

Х: Үгүй. Энэ асуудлыг тань шийдвэрлэхийн тулд надад өчнөөн зүйл хэрэгтэй болдог юм. Тусламж авахын тулд орон нутгийнхаа Линукс хэрэглэгчдийн бүлгэмд ханд. (Та эднээс хэрэглэгчдийн жагсаалт болон бүлгүүдийг олж болно.) Жич: Хэрэв та тодорхой түгээмжийн талаар форум буюу шуудангийн жагсаалтанд юмуу орон нутгийн хэрэглэгчдийн бүлгэмийн форумд байгаа ба асуудал нь уг түгээлттэй холбоотой бол Линуксийг суулгах талаарх асуулт тохиромжтой байж болох юм. Энэ тохиолдолд асуудлаа тодорхой, нарийн дүрсэл. Гэхдээ эхлээд Линукс болон техник хангамжийнхаа асуудалтай байж болзошгүй бүх хэсгүүдийг нь судлах хэрэгтэй.

А: Би яаж бусдын э-шууданг унших/ сувгийг нь хулгайлах вэ?

Х: Та иймэрхүү зүйл хийхийг хүсэж байгаа нь өрөвдөлтэй хэрэг бөгөөд хакераас тусламж хүсдэг жинхэнэ усан тэнэг байна даа.

Сайн ба муу асуултууд

Эцэст нь би та бүхэнд асуултаа хэрхэн ухаалаг байдлаар тавихыг жишээгэээр харуулъя. Нэг асуудал дээр нэг нь тэнэг, нэг нь ухаалаг хоёр асуулт тавьж харуулъя.

Тэнэг: Би Foonly Flurbamatic-н талаарх мэдээллийг хаанаас олж болох вэ?

- Танд зүгээр л хараал идсэн вебээсээ хай гэсэн хариултыг өгөх болно.

Ухаалаг: Би Гүүглээс “Foonly Flurbamatic 2600”-н талаар хайж үзсэн боловч олигтой илэрц олсонгүй. Надад уг төхөөрөмж дээр хэрхэн мэдээлэл программчлах талаар зөвөлгөө өгөх боломжтой юу?

- Энэ тохиолдолд аль хэдийнэ вебээс хайлт хийсэн бөгөөд үнэхээр асуудалд орсон юм шиг сонсогдож байна.

Тэнэг: Би foo төслөөс цэгцлэх код авч чаддаггүй ээ. Энэ эвдэрчихсэн юм болов у?

- Асуулт тавигч өөр хэн нэгнийг учраа олохгүй байна гэж бодсон бололтой.

Ухаалаг: Nulix –н 6.2 хувилбар дээр foo төслийн код цэгцрэхгүй байна. Би байнга тавигддаг асуултуудыг уншиж үзсэн боловч Nulix-тэй холбоотой юу ч алга. Цэгцлэх оролдлогуудынхаа хуулбарыг хавсаргах хэрэгтэй байх гэж бодоод хавсаргалаа.

- Асуулт тавигч орчноо тодорхойлоод, Байнга тавигддаг асуудлуудыг уншиж үзсэн бөгөөд өөрийнх нь асуудал нь бусдын алдаанаас болсон гэж зүтгээгүй байна. Энэ нь магадгүй анхаарал татахуйц байж болох юм.

Тэнэг: Миний эх хавтанд асуудал гараад байна. Хэн нэг нь туслаач.

- Ийм асуултанд “Таны живхийг бас сольж өгөх хэрэгтэй юу?” гэсэн хариулт өгч шууд устгах товчийг дардаг.

Ухаалаг: Би S2464 эх хавтан дээр X,Y,Z-үүдийг хийхийг оролдлоо. Болохгүй болохоор нь A,B,C-г хийхийг оролдлоо. С-г оролдож үзэхэд сонирхолтой шинж тэмдгийг ажиглаж үзсэн ч үр дүн нь бодсноос минь өөр байна. Athlon MP эх хавтан grommicking болох шалтгаан нь юу вэ? Энэ асуудлын учрыг хэрхэн олох талаар мэдэж байгаа зүйлтэй хүн байна уу?

- Нэг талаар уг хүнд хариулт өгөх хэрэгтэй. Тэрээр хариулт хүлээж суухынхаа оронд асуудлаа шийдвэрлэхийн тулд нэлээд зүйл хийсэн байна.

Сүүлийн асуултад “хариулт өг”, “ бүх зүйлийн учрыг олохын тулд надад ямар нэмэлт оношилгоо хийх хэрэгтэйг хэлж өгөөч” гэсэн хоёр хүсэлтийн ялгааг сайтар ажигла.

Үнэндээ уг сүүлийн асуултын хэлбэр нь 2001 оны 8 сард линукс-кернелийн шуудангийн жагсаалтанд байсан асуултаас үндэслэсэн юм. Би тэр үед энэ асуултыг тавьсан билээ. Би Tyan S2462 эх хавтан дээр нууц түгжээ хайж байсан юм. Жагсаалтын гишүүд надад асуудлаа шийдвэрлэхэд тус болсон шүүмжлэлтэй мэдээллүүдийг өгсөн.

Би асуултаа энэ замаар тавьснаар үүнийг хялбар болгож хүмүүс асуудалд оролцох анхаарлыг нь татаж чадсан. Би надад тусалсан үе тэнгийнхнийхээ чадварыг үнэлж надтай зөвлөлдөж байхыг урьсан юм. Мөн тэдэнд надад цаг гаргасанд нь талархалаа илэрхийлсэн.

Цаашилбал, намайг хүн бүрт талархал илэрхийлж, өгсөн хариу нь хэрхэн тус болсныг илэрхийлэх үед линукс-кернелийн шуудангийн жагсаалтын гишүүн намайг уг жагсаалтан дээр нэр минь байснаас зохих хариугаа авсан юм биш асуултаа зөв хэлбэрээр тавьснаар хариулт авч чадсан гэдгийг дурдсан.

Хакерууд заримдаа хэтэрхий харгис байдаг. Би түүний зөв гэж бодож байна. Би хэн ч байлаа гэсэн бэлэн будаа идэх гэж оролдсон бол намайг хайхрахгүй байх байсан. Тэр үед түүний надад өгсөн зөвөлгөө нь одоо та бүхэнд энэ зааварчилгааг бичиж суух үндэс болсон юм.

Хэрэв та хариулт авч чадахгүй бол

Хэрэв та хариулт авч чадахгүй бол үүнийгээ хувийн асуудал болгож авч үзэх хэрэггүй. Заримдаа асуулт хүлээн авсан бүлгийн гишүүд хариултыг мэдэхгүй байх ч тохиолдол бий. Хэдийгээр гаднаас нь хараад ялгааг нь хэлэх боломжгүй ч хариу авахгүй байна гэдэг нь таныг үл тоосон гэсэн үг биш юм.

Ерөнхийдөө асуултаа ахин байршуулаад дэмий. Энэ зүгээр л бусдын бухимдлыг төрүүлдэг. Тэвчээртэй бай: танд хаиулт өгөх хүн магадгүй таниас өөр цагийн бүсэд амьдардаг ба одоо унтаж байж ч мэднэ. Эсвэл таны асуулт тийм ч сайн тавигдсан асуулт биш байж болох юм.

Та хариултаа олж болох өөр олон янзын эх үүсвэр байдаг ба зарим эх үүсвэр нь анхлан суралцагчдын хэрэгцээнд илүү тохирсон байх нь бий.

Хэдийгээр өөрсдөө программ бичиж байгаагүй ч программ хангамжийн талаар маш их сонирхолтой хэрэглэгчдийн бүлгэмүүд их байдаг. Эдгээр бүлгэмүүд нь бие биедээ болон шинэ хэрэглэгчдэд туслах зорилготой байгуулагддаг.

Мөн та тусламж хүсэхээр хандаж болох том жижиг янз бүрийн ашгийн байгууллагууд байдаг( хамгийн алдартай нь Red Hat, SpikeSource бөгөөд өөр олон бий). Авсан тусламжныхаа хариуд төлбөр төлөхөөс зайлсхийгээд хэрэггүй. Эцсийн эцэст машины тань хөдөлгүүрт гэмтэл гарвал засварчинд очоод төлбөр төлөх л хэрэгтэй болно шүү дээ. Хэдийгээр та программд зориулж төлбөр төлдөггүй ч бүх үйлчилгээ нь үнэгүй хийгдэнэ гэж найдах хэрэггүй.

Линукс мэтийн нийтэд түгсэн программ хангамжийн хувьд үүнийг хөгжүүлэгчдэд хамгийн багадаа 10000 хэрэглэгч ногддог. Ганц хүн 10000 гаруй хэрэглэгчдийн асуудлыг зохицуулж өгнө гэдэг боломжгүй юм. Та тусламж хүссэнийнхээ хариуд төлбөр төлж байлаа ч гэсэн программ шинээр худалдаж авахаас бага зардал гарна гэдгийн сана (хаалттай эхийн программаас тусламж хүсэх нь нээлттэй эхийн программаас тусламж хүссэнээс илүү үнэтэй, өрсөлдөөн багатай байдаг).

Асуултанд хэрхэн сайн хариулах вэ?

Тайван бай. Асуудалтай холбоотой стресс нь хүмүүсийг бүдүүлэг, тэнэг байдалтай байгаагүй ч гэсэн тийм харагдуулдаг.

Таныг доромжилсон хүнд хариу бүү өг. Санамсаргүй алдаа гаргасан хүнийг олон нийтэд дэлгэн доромжлох хэрэггүй. Техникийн мэдлэг үнэхээр муутай хүн архивыг хэрхэн шүүж, Байнга тавигддаг асуулт хаана хадгалагддагийг мэддэггүй байж болох юм.

Хэрэв та хариултандаа итгэлгүй байгаа бол үүнийгээ хэл Буруу буюу захирангуй төлөвтэй хариултиас ямар ч хариу өгөөгүй байсан нь дээр. Хэнийг ч буруу тийш нь чиглүүлээд хэрэггүй. Учир нь та ийм байдалтай байж мэргэжилтэн гэж хэлэгдэх нь хөгийн сонсогдоно.

Үнэнч, даруу байж, асуулт тавигч болон үе тэнгийнхэндээ сайн үлгэр дуурайл үзүүл. Тусалж чадахгүй бол бүү саад учруул. Дулимагхан мэдлэгтэй, гэнэн итгэмтгий хүмүүс асуудлын талаар тоглоом хийхийг жинхэнээсээ зааварчилгаа гэж ойлгон хэрэглэгчийн тохиргоогоо устгаж магадгүй тул тоглоом шоглоом хийгээд хэрэггүй.

Асуудлыг илүү нарийвчлан мэдэхийн тулд танадах асуултууд тавь. Хэрэв та үүнийг хийхдээ сайн бол асуулт тавигч тань төдийгүй та ч юм сурч авна. Бид бүгд нэгэн цагт анхлан суралцагч байсныг санаж муу асуултыг сайжруулахыг хичээ.

Залхуу хүмүүст зориулан хараал идсэн заавраа унш гэсэн хариулт өгдөг ч тэдний баримтжуулалтанд нь зориулан бага ч гэсэн зөвөлгөө өгсөн нь дээр( Гүүглээс хайлт хийх түлхүүр үг байсан ч болно).

Хэрэв та асуултанд хариулт өгөхөөр шийдсэн бол сайн үнэлгээ өг Хэн нэг нь зорилгоо биелүүлэхдээ буруу багаж хэрэгсэл хэрэглэж байгаа бол төөрөгдөлд оруулаад хэрэггүй. Сайн багаж хэрэгсэл зөвлөж асуултыг нь ахин гаргаж тавь.

Бүлгийнхнээ асуултаас суралцахад нь тусал Сайн асуултанд хариулахаас зайлсхийж байгаа бол та өөртөө “ хэн нэгэн энэ асуултанд ахин хариулахгүй байлгахын тулд үүнтэй холбогдолтой баримтжуулалт болон Байнга тавигддаг асуултуудыг хэрхэн өөрчлөх ёстой вэ? ” гэсэн асуулт тавь. Тэгээд баримтын зохицуулагчид уг уялдааг илгээ.

Та асуултанд хариулахын тулд хайлт хийсэн бол асуултанд хайнга хандахаас илүү чадвараа гарга. Нэг сайн асуултанд хариулна гэдэг нь өлсгөлөн 100 хүнийг ганц хоолоор тэжээж байгаа гэсэн үг боловч тэдэнд чадвараа хэрхэн хөгжүүлэхийг жишээгээр харуулах нь хүнсээ насан туршдаа хэрхэн нэмэгдүүлж болохыг харуулах болно.

Холбогдолтой эх үүсвэрүүд

Хэрэв танд компьютер, Юникс, Интернет ажлыг хэрхэх талаар үндсэн зааварчилгаа хэрэгтэй байгаа бол The Unix and Internet Fundamentals HOWTO-д хандна уу.

Хэрэв та программ нэвтрүүлж байгаа юмуу программд зориулсан уялдаа бичиж байгаа бол Software Release Practice HOWTO-н дээрх зааварчилгааг дагахыг хичээнэ үү.

Талархал

Evelyn Mitchell тэнэг асуултуудын жишээг, “хэрхэн сайн хариулт өгөх вэ? ” хэсгийг бичиж, Mikhail Ramendik үүнийг илүү боловсронгуй болгохын тулд зарим үнэт зөвөлгөөг өгсөн болно.

Өөрийн багаж хэрэгслүүд